Европ дахь монголчуудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнийг 2016 оны 11 сарын 29-нөөс 30 ний өдрүүдэд ХБНГУ-дахь бүх баг холбоод хамтран НЭГ УЛС – НЭГ БАГ уриан дор ГХЯ, ЭСЯ-ний ивээл дор зохион байгуулж, олон олон онцлох үйл явдлаар дүүрэн амжилттай өндөрлөлөө.
Тэмцээнд Австри, Англи, Бельги, Герман, Голланд, Ирланд, ОХУ, Польш, Украйн, Унгар, Франц, Чех, Швед, Швецари 14 орноос 37 багийн 400 гаад тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд зохион байгуулагч нар, нийт хөгжөөн дэмжигчдийг хамруулаад 1000 гаруй Монголчууд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо хуран цуглаж спортоор нөхөрлөж өнгөрүүлэв.
ГХЯ, ЭСЯ-аар дамжуулан илгээсэн бидний хүсэлтийг Берлин хотын Спорт Сенатаас хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны соёл, спортын салбарын харилцааг хөгжүүлэх, Берлин хот спортод элэгтэй төдийгүй найрсаг хот гэдгийн илэрхийлэл болгож алдалт MAX-SCHMELLNG спорт цогцолборт зохион явуулах боломжоор хангасан бөгөөд сагсан бөмбөгийн бүх дүрмийн дагуу зохион байгуулж, урьд өмнөх тэмцээнүүдээс анх удаа бүх тоглолт цэвэр цагаар, 4 үе, 24 секундийн оноо харгалзсан тоглолтууд явагдсан онцлогтой болсон төдийгүй Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэнд стандартын шаардлага хангасан 6 талбайд зэрэг явагдаж 37 баг 400 гаран тамирчид оролцсон анхны тэмцээн болж нэгэн түүхийн хуудас шинээр нэмэгдлээ.
Эрэгтэй багуудаас сүүлийн 4 жилийн дараалсан босоо аварга ХБНГУ-ын Берлин хотын Буяны сэтгэлт хүү багийг НЭГ УЛС – НЭГ БАГ уриаг жинхэнэ утгаар үзүүлж багаа шигшэн нэгтгэж оролцсон ОХУ-ын Мөнхтэнгэр холбооны Мөнхтэнгэр баг хурд хүч, авхаалж самбаагаа нэгтгэн заал шуугиулсан тоглолт үзүүлж ШИНЭ АВАРГА төрж, ХБНГУ –ын Буяны сэтгэлт хүү баг Мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэй төрөлд Герман улсын Скай баг өнгөрсөн жилийн аварга цолоо амжилттай хамгаалан хоёр дахь удаагаа Европын Монголчуудын дундах сагсан бөмбөгийн аварга гэсэн энэ эрхэм алдрыг хүртлээ. Мөнгөн медиалыг мөн ОХУ-ын Мөнхтэнгэр баг хүртлээ.
Удаах байранд эрэгтэй төрөлд ХБНГУ-ын Монбэр баг Польшийн Амбасадор багтай, эмэгтэй төрөлд Чех улсын Тэмүүлэл баг Шведийн MGL багтай маш өрсөлдөөнтэй тоглолтоор хийн Монбэр баг, Чех улсын Тэмүүлэл баг тус тус хүрэл медалийн эзэд болов.
Эрэгтэй шилдэг тоглогчоор ОХУ-ын Мөнхтэнгэр багийн 3 номерын тамирчин Б.Даваадалай, Эмэгтэй шилдэг тоглогчоор ХБНГУ-ын Скай багийн 9 номерын тоглогч Э.Гантуяа шалгарлаа.
Буяны сэтгэлт хүү сангийн нэрэмжит өсөх ирээдүйтэй эрэгтэй, эмэгтэй тамирчнаар ОХУ-ын Мөнхтэнгэр багийн шинэ залуу тоглогч Б.Мөнхзаяа, Шведийн залуучуудын T.Y.T.D багын О.Маргад нарыг шалгаруулав.
Европ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй багийн бүх гишүүдэд оюуны өмчийг дээдлэгч Miye интернэт кино театр нэг сарын турш үнэгүй монгол киногоо үзэх эрхийн бичгээр урамшуулав.
Монголчуудын олон жилийн спортын дотны найз, энэ тэмцээний хамтрагчаар ажиллаж байгаа Bergmann Borsig SG холбооны ерөнхийлөгч ноён Юурген Клупш – д биеийн тамир сдортын хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлэн Монголын Олимпын хорооны Олимпын Алдар одонгоор шагнав.
Берлин Цог клубын идэвхтэй гишүүн, Монголчуудын зохион явуулдаг арга хэмжээ уралдаан тэмцээн болгоны ард зохион байгуулалтад хүч тавин ажилладаг Н.Тогтохбаатарыг Монголын үндэсний олимпын хорооны Алтан медиалаар шагнасан нь эзнээ олсон урамшууллын нэг боллоо.
Мөн Монбэр багийн ахлагч Д.Эрдэмбаярыг тус тэмцээнд олон жил багаа зохион байгуулан, амжилттай оролцож буйг үнэлэн Монголын үндэсний олимпын хорооны Алтан медиалаар шагнаж урамшуулав.
Тэмцээний үеэр гарч болзошгүй эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг бүрэн хангах үүднээс Майдар холбооноос Арга хэмжээний даатгалд хамруулсан бөгөөд нийт тоглолтын 2 өдөр 6 талбайд Герман улсад мэргэжлээрээ ажиллаж буй 6 Монгол эмч нар хяналтад жижүүрлэн, эмнэлгийн шаардлагатай анхан шатны тусламж үзүүлэх тусдаа өрөө гаргаж ажиллуулсан нь нэгэн онцлох ач холбогдолтой үйл явдал байлаа.
Мөн Монголын спортын шүүгч нарын холбоо бидний хүсэлтийг хүлээн авч мэргэжлийн өндөр зэрэгтэй 6 шүүгч тус тэмцээнд ирүүлэн дэмжиж ажиллаад, ХБНГУ-ийн лигийн зэрэглэлийн шүүгчидтэй хамтран ажиллах, харилцан туршлага солилцов.
Монгол хүнийг эрүүл саруул байлгах, эв нэгдлийг бэхжүүлэх, иргэдийн бие бялдрын хүмүүжлийг төгөлдөржүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх нэн чухал ач холбогдол бүхий энэ тэмцээнийг ГХЯ-наас өндрөөр үнэлэн ивээлдээ авч, Шилдэг баг хамт олонд ГХЯ-ны нэрэмжит “Шилжин явах цом”-ыг гардуулсан ба энэ жилийн шилжин явах цамын эзнээр ОХУ-ын Мөнхтэнгэр баг шалгарлаа.
Дараагийн 12 дахь удаагийн тэмцээнийг Австри улсын „Монголын төлөө зохилох зүрх бүхэнд“ Сагсан бөмбөгийн клуб ЭСЯ-аараа дамжуулан хүсэлтээ албан ёсоор тэмцээнээс өмнө уламжлан Вина хотод 2017 онд зохион явуулах эрхээ шилжүүлэн авлаа.
Анх 2006 оны 4-р сард Чех Улсын Прага хотод зохиогдсон “Оюутны хаврын баяр”-аас улбаатай энэхүү тэмцээн нь өдгөө Европ тивд оршин суугаа нийт монголчууд түүний дотор залуучуудын тэсэн ядан хүлээдэг ийм том арга хэмжээ болж өргөжиж чаджээ.
Европын орнуудад ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол залуучуудад спортоор нөхөрлөх, харилцан суралцах боломж олгодог, жилээс жилд өргөжин тэлж буй уламжлалт энэхүү тэмцээнийг чанартай зохион байгуулахаар гаргаж буй бидний саналыг хүлээн дэмжиж ажилласан Гадаад харилцааны яам, ЭСЯ-дууд, Монголын спортын шүүгч нарын холбоо, гар бие маш их цаг заваа гарган ажилласан Цог Спорт клуб, Майдар холбоо, Монбер баг, Буяны сэтгэлт хүү баг болон нийт тэмцээнийг ивээн тэтгэж оролсон байгууллага, хувь хүмүүстээ дахин талархал илэрхийлье.
Биеийн тамир, эв нэгдэл нөхөрлөл МАНДТУГАЙ УРА.
НЭГ УЛС – НЭГ БАГ Европ дахь монголчуудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээнийг зохион байгуулах баг
2016 оны 11 сарын 11